Та биднийг дахин төрөхгүй бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй, мөн Тэнгэрийн Улсын хаалга ч хаалттай байна гэдгийг Есүс бидэнд хэлсэн. Тиймээс бид, ‘найз минь чи дахин төрсөн үү?, цуглааны гишүүн та дахин төрсөн үү?’ хэмээн асуудаг. Хэрэв үгүй бол та алдагдсан нэгэн юм.
Есүс хэлэхдээ: “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье, хүн дахин төрөхгүй л бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй” (Иохан 3:3) гэжээ.
Та: -Дахин төрнө гэж юуг хэлээд байна вэ? хэмээн асууж болох юм. Эхлээд өнөөдөр шинэ төрөлтийн талаар нилээн олон эндүүрэл байдаг тухай ярилцъя. Тухайлбал, бидний зарим нь баптисм хүртсэн хэдий ч хараахан дахин төрөөгүй байдаг, энэ бол баптисм биш ээ (Үйлс 8:17-24). Энэ нь мөн цуглаанд хамрагдсанаар болдоггүй, зарим нь цуглаан дотор биднийг гэнэдүүлэн шургалсан хүмүүс ч байдаг (Галат 2:4). Мөн ЭЗЭНий ширээнээс идсэнээр ирдэггүй, зарим маань зохисгүйгээр идэж, ууснаас болж буруушаалыг авчирдаг (1 Коринт 11:29). Илүү сайхан амьдрах гэсэн хичээл зүтгэл болон өөрийгөө сайжруулснаар ирэхгүй, “... учир нь олон хүмүүс тэр хаалгаар орохыг хичээх боловч, Би та нарт хэлье: “Тэд чаддаггүй юм” (Лук 13:24). Мөн залбирлаар ирдэггүй, энэ талаар Есүс хэлэхдээ, “...энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэн, амаараа Над руу ойртдог боловч үнэндээ тэдний зүрх сэтгэл нь Надаас хол оршдог” (Матай 15:8) гэсэн байдаг.
Зарим хүмүүс: -Хэрэв би ядууст өгч, өвчтэй нэгэнийг эргэн очиж, байгаа бүхнээ бусадтай хуваалцаж, өдөр бүр чадах чинээгээрээ сайн байхыг хичээж, хийж чадах бүхнээ хийдэг байвал би эргэлзээгүй дахин төрнө хэмээн ярьдаг.
(Матай 25:31-46). Гэвч бид хийж гүйцэтгэснээрээ ч дахин төрж яагаад ч чадахгүй юм. “Яагаад гэвэл махан биесийн бодлуудын мөн чанар нь Бурханы эсрэг дайсагнал тул Бурханы хуулинд захирагддаггүй бөгөөд тэгээд ч боломжгүй юм” (Ром 8:7).
Иймээс бидний зүрх сэтгэл заавал өөрчлөгдсөн байх шаардлагатай. Бурхан эш үзүүлэгч Езекиелээр дамжуулан: “Тэгээд БИ та нарт шинэ зүрхийг мөн шинэ сүнсийг өгөх болно; та нарын махан биеэс чулуун зүрхийг чинь аваад тэгээд та нарт махан зүрхийг өгөх болно” (Езекиел 36:26) хэмээн айлджээ.
Тэгвэл дахин төрөлт гэж юу вэ? Яагаад шинээр төрөх ёстой гээд байна вэ? Иохан 3:6 -д бичигдсэнчлэн: “Махан биеийн төрөлт нь махан бие; харин Сүнсний төрөлт нь сүнс юм” гэсний дагуу та юунаас төрнө, түүгээрээ байна.
Энэ хорвоод шинэ хүн төрөхөд, түүний шинэ амьдрал эхэлдэг. Үүнтэй адил Ариун Сүнс ирэх үед бид дээрээс дахин төрж, энэ ертөнц дээр Христ Есүсийн дотор бидний шинэ амьдрал үүсдэг. Ердийн төрөлттэй адилтгасан энэ дүр бидний амьдралаас хамааралгүйгээр дээрээс мэндлэх шинэ төрөлт бөгөөд үүнийг Христ Есүс доторх шинэ амьдралын төрөлт гэдэг.
Есүс хэлэхдээ: “...Надад итгэгч хэн ч, хэзээ ч үхэхгүй, харин амьдрах болно...” (Иохан 11:26) хэмээн энэхүү төрөлтийг мөнхөд үргэлжлэх амьдрал гэсэн байдаг. Иймээс шинээр төрөх гэдэг нь бид гэм нүглээ Есүсийн өмнө гэмшиж, Түүний уучлалыг итгэлтэйгээр хүлээн авах үед ирдэг бөгөөд зүрх сэтгэлийн өөрчлөлт, шинэчлэгдсэн амьдрал, ЭЗЭНд үйлчлэх үйлчлэл зэргээс бүрдэнэ.
“Удаан байна гэх зарим хүмүүс шиг ЭЗЭН амлалтандаа хойрго байдаггүй; харин ч хэн нэгнийг үхүүлэхийг хүсдэггүй тул бүгдийг гэмшилд ирүүлэхийн тулд, ТЭРБЭЭР биднийг удаан тэвчдэг юм” (2 Петр 3:9).
Бид хэзээ дахин төрж болох вэ? Бурхан Ариун Сүнсээр дамжуулан хэлэхдээ: “...өнөөдөр та нар Түүний дуу хоолойг сонсож байгаа бол ...” (Еврей 3:7) гэжээ.
Энэ нь хэрэв та Бурханы дууг сонсоод, хариулах аваас хэн, хэзээ, хаана, хэдэн настай байсан ч хамаарахгүйгээр Бурхан руу ирж, Түүний Сүнсний тусламжтайгаар дахин төрөх болно. Ингэснээр бид Түүний хүүхдүүд нь бас өв залгамжлагчид, Христийн хамтран залгамжлагчид нь болдог (Ром 8:14-17).
Би үүнийг хэзээ, хэрхэн хүлээн авах вэ? Бурхан таны зүрх сэтгэлийн чин үнэнч байдлыг харахын зэрэгцээ Есүс Христэд итгэсэн таны зүрх сэтгэлээс гарах тунхаглалын үгийг сонсохыг хүсдэг (Ром 10:9-11).
ТЭРБЭЭР тан руу Ариун Сүнсний хүч чадлаар ирж, таны дотор зөв сүнсийг бүтээдэг (Дуулал 51:10). Иймд та Түүнд итгэсэн итгэлээр Христ Есүс дотор дахин төрж шинэ бүтээл болдог (2Коринт 5:17).
Шинэ төрөлт хүртэл өсөхөд, надад хэр их хугацаа хэрэгтэй вэ? Бид Бурханы Хаанчлалд төрөөд, Түүний хүүхдүүд болон өв залгамжлагчид нь болсон л бол, энэ үнэндээ хэрэггүй, эрхэм уншигч минь.
Бид бүхий л зүрх сэтгэлээр дөлгөөн даруу болж, Есүсийн өршөөл ба энэрэл рүү ирэхэд л энэ төрөлт нь тэр агшинд явагдах боломжтой.
Эцэст нь: Би шинээр төрсөн болон Ариун Сүнсийг хүлээн авсанаа хэрхэн мэдэж болох вэ?
Элч Павел, Ром 8:9-д заахдаа: “...Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэрээр Түүнийх биш юм” гэж хэлжээ. Библи бидэнд алдагдсан хүмүүс нь нүгэлдээ үхэж, буруушаагдан, дотоод сэтгэл нь ёрын муу зүйлээр дүүрэн байдаг талаар заасан байдаг. Тиймд “тэд дэлхий дээр Бурхангүй, дуулгаваргүй, найдваргүй, махан биеийн хүсэл, түүний бодол санаагаар амьдардаг” гэжээ.
Харин дахин төрсөн Христитгэгч нь Бурханы хүүхэд, Христ дотор амьд, аврагдсан, буруутгалгүй, сайхан сэтгэлтэй зөвт хүн болж ирдэг. Энэ хүн сүнслэг бодол санаатай, Ариун Сүнс болон итгэлээр дүүрэн, мөнх амьдралын төлөө найдвартай амьдардаг. Түүний гэм нүгэл Есүсийн цусаар халхлагдаж, бидний ойлголтоос ч илүү зүрх сэтгэл нь Бурханы хайр, амар тайванаар дүүрэн байдаг. Түүнд ЭЗЭНий хүслийг гүйцэлдүүлэх чин хүсэл, хүч чадал, хайр байдаг.
Тиймээс ч тэрээр тэнгэрийн улсад очоод амьдрах ЭЗЭНий амалсан орон байрыг, үхлийн булшнаас илүү үзэж, итгэл болон найдвар дотор тэвчээртэй хүсэн хүлээдэг байна. “ Та нарт орон байр бэлдэхээр явах үедээ, Би хаана байна, та бүгдийг тэнд байлгахын тулд Би дахин ирж, та нарыг Өөртөө авах болно” (Иохан 14:3).
Тийм учраас бид асууж байна: Хэн нэгэн дахин төрөлтийн талаарх ойлголтгүйгээр хуучин байдлаа эвдэж чадах боломжтой юу? Энэ нь маш эргэлзээтэй. Учир нь Ром 8:16-д хэлэхдээ: “...энэхүү Сүнс нь бидний зүрх сэтгэлд, бид бол Бурханы хүүхдүүд гэдгийг гэрчилдэг” гэсэн байдаг.
Иймд эрхэм уншигч та өөрийн зүрх сэтгэлдээ жинхэнэ амартайван, баяр баясгаланг мэдрээгүй бол, та бүү зогсонги байдал дотор байгаарай. Учир нь та өөрийн зүрх сэтгэлийг Бурханаар удирдуулахыг үл хүссэн, мөн Түүнийг үл тоомсорлосон хэрэг болно шүү!
Тиймээс ТА ДЭЭРЭЭС ДАХИН ТӨРӨХ ЁСТОЙ.