Айдас гэж юу вэ?
Бурханаас эмээх эмээдэс
Ирээдүйнхээ төлөө айх айдас
Бүтэлгүйтэхээс айх айдас
Зовлонгоос айх айдас
Үхлээс айх айдас
Айдсаас чөлөөлөгдөх нь
Айдас хэмээх нууц дайсан хүн бүрийн амьдралын алхам бүрт, бүх он жилүүдэд эзлэн оршдог. Энэ нь баригдашгүй мөн сүйтгэгч бөгөөд бидний бодол санааг хордуулж, дотоод амар тайван байдлыг хулгайлж, амьдрах урам зоригийг хугалан зогсоодог. Мөн биднийг сандарч тэвдсэн, түгшүүртэй, санаа зовсон, тайван бус, сэтгэл хямраасан, хулчгар хүн болгодог. Энэ ямар тааламжгүй, хэрэгцээгүй мэдрэмжүүд вэ!
Бид зөрчилдөөн, бүтэлгүйтэл, өөрчлөлт болон урам хугарахаас айдаг. Зарим хүмүүс өвдөж ядарсны улмаас зовж тарчлахаас айдаг. Мөн зарим нь хайртай хүмүүст нь хор хөнөөлт зүйл тохиолдохоос айдаг. Маш олон хүмүүс үхэл болоод үхлийн дараах өөрсдийн мэдэхгүй зүйлтэй нүүр тулгарахаас айдаг. Харин Христэд итгэгч хүмүүс өөрсдийнх нь аврал баталгаагүй байх эсвэл Бурхан тэдний гэм нүглийг уучлаагүй байх вий гэсэн айдастай явдаг. Хүмүүс зөвхөн үхлээс айгаад зогсохгүй, амьдрахаас хүртэл айх явдал ч байдаг.
Айдас нь бидний оюун бодолд маш удаанаар, чимээгүйгээр орж ирдэг тул бид өөрсдөө хөнөөлт нөлөөллийн хохирогч болж байгаагаа ч барагтаа олж мэддэггүй. Үл мэдэгдэх өчүүхэн айдас нь аяга усан дотор дусаасан бэхний нэг жижиг дусал мэт, тэр саван доторхи усны өнгийг тэр чигт нь өөрчилдөгтэй адил юм. Өчүүхэн дусал мэт энэ айдас нь эхлээд усны урсгал шиг, зогсолтгүй үргэлжлэх үедээ бидний сайн сайхан бодлын сувгуудыг хааж, өөр зүг рүү чиглүүлдэг.
Ариун Библид, Элч Паул биднийг ямар бодолтой байхыг ятган, өгүүлэхдээ: “...зөвхөн юу нь үнэн, юу нь шударга, юу нь зөвт, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь бахдалтай байна; хэрэв тэнд аливаа ач тустай болон магтууштай зүйл байвал эдгээр зүйлсийн тухай бодогтун” (Филиппой 4:8) гэжээ.
Амьдрал ээдрээтэй, дэлхий харгис боловч гаднаас ирдэг асуудлууд бидний дотоод амар тайвныг сүйтгэхээс илүүтэй, бид өөрсдөө бий болгодог айдас нь бүхнийг сүйтгэдэг. Хамгийн чухал хэрэгцээтэй зүйлс бидний амьдралд байхгүй үед айдас орж ирдэг. Би мөнгөгүй яанаа, ажилгүй яанаа, өмсчих олигтой хувцас алгаа гэсэн цөхөрсөн харанхуйн бодлууд ирэх төдийд айдас, гутрал орж ирдэг. Бидний зүрх сэтгэл Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн тул Түүнд хандан сэтгэлээ нээгээрэй. Бид Бурханаас холдох үед, амьдралд маань нарийн төвөгтэй асуудлууд үүсч, эмээдэс, айдас хүйдэс дүүрэн болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.
Айдас гэж юу вэ?
Айдас бол Бурханы тааллыг олоогүй нэгэний танин мэдэхүйгээс гарч ирдэг сэтгэлийн хөдлөл юм. Анх Адам, Ева хоёр “цэцэрлэгийн голд байрлах жимсний модноос идэж болохгүй” хэмээсэн Бурханы тушаалыг үл даган, Сатаны зөвлөгөөг хүлээн авсан тэр өдөр хамгийн эмгэнэлтэй үйл явдал эхэлсэн. Энэхүү дуулгаваргүй байдлаас болж тэд нүгэл үйлдэж, Бурханы оршихуйгаас нуугдах болов. Бурхан тэднийг дуудахад; Адам,“...би цэцэрлэгт Таны дуу хоолойг сонсоод, би айсан, учир нь би нүцгэн байсан тул; өөрийгөө нуусан” (Эхлэл 3:10) хэмээн хэлжээ.
Энэ цагаас эхлэн айдас биднийг үргэлж дагах болов. Айдсаар дамжуулан Сатан өөрийн ажлаа хийхийг хүсдэг. Тэр зөвхөн харанхуй байдалд л ажилладаг. Тэрээр гэрэлд ажиллаж чаддаггүй, учир нь “Бурхан бол гэрэл, Түүний дотор ямар ч харанхуй гэж үгүй” (1Иохан 1:5). Сатан бидний сул байдлыг мэддэг төдийгүй бидний сул байдалд өөрийн бодлууд болон айдсыг илгээдэг. Тэрээр үнэнийг үгүй хийн, биднийг мэхлэн төөрөгдүүлэхийг эрэн хайж байдаг. Хэрэв бид зүрх сэтгэл болон оюун бодлоо харанхуйд хааж, хадгалсан хэвээр байвал Сатан өөрийн ажил болох цөхрөл ба айдсын хорон муу ажлаа үргэлжлүүлсээр байх болно. Хэрэв бид Сатаныг гэрэлд ил гаргавал, тэрээр ялагдаж, түүний хүч чадал цуцах болно.
Сатан бидний айдсыг бүрэн дүүрэн давуу тал болгон ашигладаг. Боломж бүрт тэрээр өөрийн хүчийг нэмж, хүмүүст өөрийгөө илүү бодит, учир уялдаатай мэт харуулахыг хүсдэг. Бид эрх чөлөөний талаарх бүх итгэл найдвараа алдах үед, бидний зам улам илүү харанхуйгаас харанхуй болж, зүрх сэтгэлийн маань ачаа улам илүү хүндээс хүнд болно. Анхаарагтун! Бурхан бол бүх айдсуудыг үгүй хийх хамгийн агуу хүч билээ. Биднийг мөнхийн галтай там дахь үхлийн шүүлтээс аврах төлөвлөгөө Бурханд байдаг. Түүний агуу хайрын төлөө талархъя, ТЭРБЭЭР Өөрийн цорын ганц хайртай Хүү Есүсийг энэ дэлхий рүү бидний Аврагч болгон илгээсэн юм. Тэрбээр Голготод загалмай дээр золиос болсон үхэл нь бидний нүглийн төлөөс болох Бурханы шүүлтийг Өөрийн биеэр зольсон явдал юм. Бурханы аврал нь бидэнд айдсаас хол байх замыг зааж өгдөг. Тиймээс айдас бол гэм нүглийн үр дагавар бөгөөд Есүс нүглийг ялан дийлсэн нь нүглийн хамт учрах бүх хор холбогдлуудыг үгүй болгосон.
Энэ нь яг л нэгэн бяцхан хүүгийн тухай түүхтэй адил юм. Хүү шөнө харанхуйд ганцаараа алхахаас айж байв, аав нь хүүгийнхээ хажууд алхан ирээд, гараас нь хөтлөхөд, хүүгийн бүх айдас үгүй болжээ. Ийнхүү харанхуй айдсыг дахин эзэмшихээ болив, учир нь хүү аавыгаа хараад, итгэсэн төдийгүй аав нь түүнд санаа тавина гэдгийг тэрээр мэдэж байлаа. Бидэнд айдсаас салж, эрх чөлөөтэй болох түлхүүр жишээ энд байна. Тэр түлхүүр бол бид зөвхөн тэнгэрлэг Эцэгээ маш сайн мэдэх хэрэгтэй. Түүнтэй ганцаарчлан уулзаж ярилцсанаар Түүний хүсэл, Түүний хайр, мөн Түүний биднийг халамжлах зөөлөн харилцаанаас сурах явдал юм. Бид Бурхантай танил болсноор, өөрсдийн амьдралаа бүхэлд нь Түүний гарт аюулгүй байлгахаар итгэн өгдөг билээ. Бид өөрсдийн оюун бодлыг зовоож байгаа асуудлыг мөн амьдралын харууслууд, биднийг цөхрөл рүү аваачиж болзошгүй зүйлсийг Түүнээс даруухнаар лавлан асуугаарай. Бид Түүний царайг хичээнгүйлэн хайж, Түүнд бүр мөсөн бууж өгвөл, бидний хүсэл Түүний хүсэлтэй нэгдэж, Түүнийг итгэлтэйгээр, дуулгавартайгаар дагах болно. “Хайр дотор айдас байдаггүй, харин төгс хайр нь айдсыг хөөн гаргадаг, учир нь айдаст ял шийтгэл байдаг. Айдаг нэгэн нь хайрын дотор төгс бүтээгдээгүй байдаг” (1 Иохан 4:18).
Бурханаас Эмээх Эмээдэс
Бурханы тааллыг олохын тулд Түүнээс эмээн хүндлэх айдас хэрэгтэй. “Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэл юм...” (Дуулал 111:10) Энэ нь хамгийн тохиромжтой хүндэтгэл бөгөөд бидний мэдэрдэг хүндэтгэлтэйгээр эмээх эмээдэс юм. Хэрэв бид Бурханаас эмээдэг бол Түүний агуу байдлыг, Түүний зөвт байдлыг, Түүний шүүлтийг, Түүний хайрыг, Түүний энэрлийг, мөн Түүний мэргэн ухааныг, Түүний мөнх байдлыг тодорхой хэмжээнд харж чадна.
ТЭРБЭЭР бүгдийг мэддэг, бүхнээс илүү хүчтэй, мөн хэзээд мөнхөд оршин байдаг Нэгэн билээ. Энэ дэлхий дээр бидний оршин байгаа амьдрал маань бүхэлдээ Бурханы гарт байдаг бөгөөд Түүний өмнө бүхий л ертанц, дэлхий мөн бид хүртэл Түүний бүтээл нь гэдгийг мэдэх хэрэгтэй. Ийм агуу Бурханыг уурлуулна гэхээс бид эмээхгүй байх гэж үү! Бурханы зөвт байдал нь гэм нүгэл дотроо амьдардаг хүмүүсийг тамын галаар шийтгэдэг гэдгийг мөн л мэдэх хэрэгтэй. “Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараагаар санаатайгаар нүгэл үйлдвэл, тэнд дахин нүглийн төлөө золиос үлдэхгүй, харин дайснуудыг устгах догшин гал болон шүүлтийг айдастайгаар хүлээх болно” (Еврей 10:26-27). Энэхүү мэдлэг нь нүгэл үйлдсэнээр айх айдсыг авчирдаг. Бид Бурханы өмнө гэмшиж, бусдыг уучилж мөн Түүнд дуулгавартай байвал, бид Түүний дотны сайн найз болж, Түүнд үйлчлэх үйлчлэлд маань Бурханлаг эмээдэс, чин үнэнч хайр, үгээр илэрхийлэхийн аргагүй Түүний авралын бэлгэнд талархал өргөхөд урам зориг орж ирдэг. Бидний Түүнээс эмээх эмээдэс нь зүрх сэтгэлд маань айдас төрүүлдэггүй. Харин бид Түүнийг хайрлах хайр улам илүү гүн гүнзгий болдог. Энэхүү эмээдсийг бид амьдралдаа бүрэн хэрэгжүүлж эхлэх үед, энэхүү цорын ганц зөв эмээдэс нь бусад бүх айдсыг хөөн зайлуулдаг. Яагаад олон хүмүүс өөрсдийнхөө зүрх сэтгэл, оюун ухаан, амьдралынхаа замыг айдсын бараан үүлээр сүүдэртүүлэн, түүндээ ороогдон амьдрахыг хүлээн зөвшөөрдөг вэ? Бурханы зам бол амар тайван болон үнэний зам билээ.
Ариун Библиэс харвал, Галилее нуурын шуургатай давалгаан дээгүүр Есүс алхаж ирээд, элч Петрийг Өөрийнхөө зүг алхаж ирэхийг урин дуудсан жишээ бидэнд байдаг. Петр Эзэнээс хараагаа салгаж, аймшигт давалгааг харах хүртэл, огт айдасгүй усны мандал дээгүүр алхаж байв. Харин Петр айж эхлэх үед, тэрээр живж эхэлсэн юм (Матай 14:24-31). Бид айдсаас чөлөөлөгдөж, оронд нь Бурхан дотор өөртөө итгэх итгэлтэй байдлыг хайж эрэх үед, Түүний Сүнс бидэнтэй намуун дуу хоолойгоор ярих болно. Бид айдсаас илүүгээр Түүнийг зүрх сэтгэлдээ эрэн хайхад, бидний эргэн тойрон дахь шуурга намжиж эхэлдэг. Тиймээс Бурхан бидний ээдрээтэй асуултуудад хариулж, бидний эргэлзээг баталгаагаар сольж, тайвшралаар дүүрэн Өөрийн мутраар бидний гараас атгадаг. Түүний энэрэл нигүүслээр бид айдсаас чөлөөлөгдөж чадна.
Ирээдүйнхээ Төлөө Айх Айдас
Зарим хүмүүсийг ирээдүйн үл мэдэгдэх нууцлаг тохиолдолууд нь тайван бус байдалд оруулдаг. Тэд өглөө бүрийг тааварлашгүй өдрөөр эхлэн угтдаг. Тэдний оюун бодолд өнөөх шаналгаа бий болж, “тэгвэл яах бол, ингэвэл яах бол” гэсэн төсөөллийн, айдсын харанхуй хөндийгөөр уруудах бодол эргэлддэг. “Хий хоосон зүйлд санаа бүү зов, харин бүх зүйлд залбирлаар, талархсан залбиралтайгаар Бурханд өөрийн хүсэлтүүдээ мэдүүлэгтүн” (Филиппой 4:6). Энэ бол нэгэн өдрийг айдасгүйгээр өнгөрүүлэх энгийн алхам юм. Ийнхүү залбираад үз, тэгээд үр дүнг нь хараарай!
Маш олон хүмүүс ирээдүйн талаар айдастай амьдардаг тул тэдэнд амьдралын зүг чиг хомс байдаг. Хаашаа явж байгаагаа мэдэхгүйгээс болоод байнга муу совин татаж байгаа мэт санагддаг. Энэ бүхнээс салахын тулд тэд ид шидтэн, мэргэ төлөгч рүү явдаг.
Харин Бурхан, бүх хүний ирээдүйн амьдралд юу хүлээж байгааг мэддэг бөгөөд хэрэв тэд өөрсдийн амьдралыг Түүгээр удирдуулбал, тэдний амьдрал зорилгогүй аялал байхаа больж, харин амьдрах зөв замаа олно.
Хэдийгээр хүмүүс үл мэдэгдэх ирээдүйтэй нүүр тулах боловч, Бурхан Өөрт нь итгэсэн хэнд ч болов итгэмжит байна гэдгээ амласан юм. Та үүнд итгэж байна уу? Шуурга хэр ширүүн хатуу байх нь, шөнө хэр харанхуй байх нь, эсвэл уулс нь хэр өндөр байх нь хамаагүй, ТЭРБЭЭР таныг бүхнээс татан гаргана.
Бүтэлгүйтэхээс Айх Айдас
Бидэнд зорилгодоо хүрэх хүсэл байдаг боловч бүтэлгүйтэхээс айдаг. Үүнд: өөрөө бүтэлгүйтэх, гэр бүлээ бүтэлгүй байдалд оруулах, мөн амьдралаа бүхэлд нь бүтэлгүйтэлд унагахаас айдаг. Бид буруу сонголт хийж, буруу төлөвлөгөөгөөр амьдрах амьдралаас айдаг.
Ариун Библиэс харвал Бурхан Иошуад, “Хүчтэй бай, бас зоригтой байгтун; бүү ай, бүү балмагд; учир нь чиний Бурхан Эзэн чамайг хаа ч явсан чамтай хамт байх болно” (Иошуа 1:9) хэмээн тушаажээ.
Эзэний өгөх удирдлагын дор бид амьдралаа даатгах үед, өнгөрсөн бүтэлгүйтлүүд маань бидний амьдралыг төгсгөх эцсийн үе биш болж, харин эсрэгээрээ биднийг амжилтанд хүргэх гишгүүрт шатууд байх боломжтой болдог.
Зовлонгоос Айх Айдас
Хүмүүс бид бие мах бодийн өвчний тухай бодолд боол нь болж, шүүмжлэлд сэтгэлээ шаналгаж, ганцаардал болон уй гашуудлын улмаас маш хүчтэй өвдөх гэх мэт асуудлуудын дунд амьдардаг. Бурхан биднийг бүх зовлонгоос халхлан хамгаалах нь хамгийн чухал биш харин тэдгээр зовлонг давж гарах агуу хүч чадал, энэрлийг дүүрнээр хангаж өгдөг. ТЭРБЭЭР Өөрийн амар тайван болон баталгаатай байдлыг бидний асуудал болох зовлон зүдгүүрийн дунд өгнө хэмээн амласан. “Бурхан бол бидний хоргодох байр ба хүч чадал, зовлон зүдгүүрийн үед үргэлж тусалдаг. Тиймээс бид айхгүй,...” (Дуулал 46:1-2). Хэрэв бид Эзэнд хайртай байвал, Тэрбээр бидний зовлонг ашиг тустай болгон эргүүлдэг. Зовлон бол биднийг юунд ч бэлэн байх хэрэгтэй гэдгийг мэдэх боломж төдийгүй Бурханы хамгаалалтын хүчийг мэдрэх боломж юм. Мөн хүний мөс чанарын гүн гүнзгий болон зүрх сэтгэлийг ойлгох ойлголт болдог. Зовлон гэдэг нь нэг бол биднийг босгон байгуулдаг, нэг бол биднийг сүйтгэн үгүй хийдэг. Тиймд та энэ хоёрын алийг нь өөрийнхөө амьдралд байлгахыг хүсэж байна вэ?
Үхлээс Айх Айдас
Үхлээс айх айдас нь хүн төрөлхтөнд байдаг хамгийн нийтлэг айдас юм. Бүх зүйлд баяртай гэж хэлэх нь хамгийн сэтгэл өвтгөдөг үүрэг даалгавар билээ. Нас ахих тусам “Хэрэв хүн үхвэл, тэрээр дахин амьдрах болов уу?...” (Иов 14:14) гэсэн асуулт анхаарал татаж эхэлдэг. Есүс биднийг үхлийн айдсаас чөлөөлөхийн тулд ирсэн (Еврейчүүд 2:14-15). Есүс бодитоор үхсэн ч үхлийг ялаад амь орсон ба ТЭРБЭЭР бидэнд, “Би амьд учир чи мөн амьд байх болно” (Иохан 14:19) хэмээн амлажээ. Түүнтэй хамт байвал, үхэл нь юу ч үгүй хоосон уруу орох хаалга бус, харин шинэ амьдрал руу орох гэрэлт үүд мөн. “Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг асуудалд бүү оруул; ...Миний Эцэгийн гэрт маш олон орд харшууд бий; ...Би та нарт орон гэрийг бэлдэхээр явна” (Иохан 14:1-2) хэмээн дурдсан энэхүү орон гэр нь Бурханы хүмүүст зориулан бэлтгэгдсэн Мөнхийн Улс юм.
Тиймд та бэлтгэгдсэн үү? Та өөрийн амьдралдаа хийсэн гэм нүглүүдийнхээ төлөө гэмшсэн үү? Гэмшил нь өнгөрсөн гэм нүглийн төлөө харуусах гэмшил ба өнгөрсөн гэмт амьдралаас эргүүлэн авчрах зам юм. Хамгийн сүүлд та хэзээ Эзэнд залбиралтайгаар ирж, өөрийн асар их санаа зоволт болон айдсуудаа даатгасан бэ? Есүс хэлэхдээ, “Хүнд ачаа үүрсэн, зовж зүдэрсэн бүх хүмүүс ээ, Над руу ирэгтүн, Би та нарт амралтыг өгье” (Матай 11:28) хэмээн айлджээ. Ямар гайхамшигтай урилга вэ! Ямар агуу амлалт вэ!
Итгэлтэйгээр, залбиралтайгаар, найдвартайгаар ирэгтүн! Та сэтгэл санааны амар тайвныг хүлээн авах болно.
Ирэгтүн! Тэгвэл та тайван амьдралын аз жаргал, баяр хөөрийг мэдрэх болно. Бурхан таныг Есүс Христэд итгэж, эрх чөлөөөтэй байж, айдсаас салж эрх чөлөөтэй амьдрахыг урьж байна.
Ирэгтүн!